ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХАД …

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Эрхэм танд орон сууцны зээл хөөцөлдөх гэдэг учир нь олдохгүй цаг хугацаа шаардсан хүндрэлтэй ажил мэт санагддаг уу?

Танд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын орон сууцны зээлд нийтлэг тавигддаг шаардлага, зээлийн хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх үе шатны мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Нэгдүгээр алхам:  Зээлийн эдийн засагчтай уулзах:

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Орон сууцны зээл авах хамгийн эхний алхам бол өөрт ойр байрлах банкны салбарт хандан зээлийн эдийн засагчтай уулзалт хийх юм. Энэ уулзалтын үеэр таныг орон сууцны зээл авахад тавигдах шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг өгдөг.

– 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

– Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт хэрэгцээтэй байх;

– Зээлийг эргэн төлөх тогтмол орлоготой байх

– Урьдчилгаа төлбөрийн 30-аас доошгүй хувийг өөрөөс санхүүжүүлэх чадвартай байх;

– Үндсэн зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;

– Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 6 буюу түүнээс дээш сараар ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;

– Банк, ББСБ-д зээл, батлан даалтын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага:

– Монгод Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;

– Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц;

– Орон сууцны нийт талбай нь 80 м.кв буюу түүнээс доош байх;

– Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Хоёрдугаар алхам: Танаас хамаарах нэн шаардлагатай бичиг баримтууд:

– Зээлийн өргөдөл;

– Зээлийн анкет бөглөх, 1% цээж зураг;

– Цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

– Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт;

– Гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

– Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ, нэмэгдэл урамшууллыг тусгах);

– Нийгмийн даатгалын дэвтэр;

– Хөдөлмөрийн гэрээ;

-Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд;

-Урьдчилгаа төлбөрийн баримт;

– Шинээр ашиглалтад орсон барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ;

– Хуучин орон сууц худалдан авах бол орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаанд буй эсэх УБЕГазрын лавлагаа;

– Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас орон сууц үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа;

– Бусад банк, ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэлтэй бол тухайн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга;

– Банкнаас шаардсан бусад бичиг баримт;

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

Дээрх шаардлагатай бичиг баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлж, урьдчилгаа төлбөрөө байршуулснаар банк таны зээлийн хүсэлтийг хүлээн авна.

Та бичиг баримтаа бүрэн гүйцэт бүрдүүлсэн ч тамга, тэмдэг дутуу байх шалтгаанаар буцаагдах тохиолдог гардаг байна.

Иймээс та орон сууцны зээлэнд хамрагдахдаа хамгийн сайн анхаарч шалгах зүйл чинь бичиг баримт нь тамга тэмдэг тод гаргацтай, бүрэн дарагдсан эсэхийг шалгах нь зүйтэйг анхаараарай.

Гуравдугаар алхам: Зээлийн гэрээгээ баталгаажуулах:

Зээлийн шийдвэр гарсны дараа зээлийн эдийн засагч тантай холбогдон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар зөвлөгөө өгнө.

Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ таны нэр дээр шилжсэний дараа банк тантай зээлийн гэрээг байгуулна. Үүний дараагийн алхам нь үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд түүнтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэхэд зээлийн эдийн засагч танд тусална.

Улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа таны нийт төлбөр худалдагч талд шилжиж, улмаар та орон сууцандаа орох эрхтэй болно.

Дөрөвдүгээр алхам: Зээлийн эргэн төлөлт

Зээлийн гэрээ байгуулахад зээлийн эдийн засагч танд зээлийн эргэн төлөлтийн графикийг танилцуулна.

Таны санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкууд ихэвчлэн тэнцүү төлөлтийн аргаар таны зээлийн эргэн төлөлтийг хүлээн авна. Энэ нь сар бүр ижил дүнгээр эргэн төлөлт хийнэ гэсэн үг юм.

Тэнцүү төлөлтийн графикийн нэг онцлог нь эхэн үед таны үндсэн зээлийн төлөлт арай бага, хүүний төлөлт арай их байх ба зээлийн хугацааны төгсгөл рүү ойртох тусам үндсэн зээлийн төлөлт ихсэж, хүүний төлөлт багасдаг.

Эх сурвалж: Голомт Банк, Хаан банк

Leave a Reply

Your email address will not be published.