БАРИЛГЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Аливаа орон сууцыг худалдан авахдаа үнэ, барилгын хийцлэл, материалын чанарт анхаарал хандуулах нь хамгийн чухал. Орон сууц худалдан авч буй иргэдийн гаргадаг нийтлэг алдаа бол үнийг асууж сонголт хийх тохиолдол их байдаг. Иймд таныг орон сууц худалдан авахдаа зөв сонголт хийхэд тань туслах зорилгоор дараах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

НЭГ: БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨЛТ

Барилгын төлөвлөлт нь сайн зураг төслөөс эхэлдэг. Иймд та сонгож буй орон сууцаа ямар өнгө, дизайн, хэлбэртэй баригдахыг барилгын экстерьер, интерьерийн зургаас урьдчилан харж болно. Мөн гаднаасаа үл харагдах сантехникийн хоолой, цахилгааны шугамын монтаж, арматур гэх мэт хүнтэй зүйрлэвэл эд эрхтэн, судас шөрмөсний тухай мэдээллийг зургаас харж болдог. Зураг төслийг мэргэжлийн байгууллага хийдэг. Та сонирхож буй орон сууцныхаа зургийг хүсвэл мэргэжлийн хүнээс лавлаж, зөвлөгөө авч эсвэл зураг ойлгодог найз нөхөд, танил талаа дагуулж очоод шаардлагатай мэдээллийг аваарай.  

ХОЁР: ҮНДСЭН ХИЙЦ

Барилгыг төмөр бетон караказ цутган босгож, тоосгоор эсвэл блокоор дүүргэж, бас бүрэн цутгаж барьдаг. Барилгын өндөр, дизайн зэргээс шалтгаалаад хийцлэл нь янз бүр байна. Гэхдээ ямар ч барилгын хувьд, арматур болон цементийн чанар онц чухал нөлөөтэй. Цемент буюу зуурмагийн чанарыг зуурмаг ирэх болгонд дээж аван лабораторид шинжлүүлж, чанарыг баталгаажуулсан гэрчилгээ авах учиртай. Арматур ч мөн адил ямар барилгад ашиглахаас шалтгаалаад чанар нь харилцан адилгүй бөгөөд чанарыг нь мөн адил лабораторид шалгадаг. Тиймээс, сонирхсон эсвэл захиалсан байрныхаа арматур ба бетон зуурмагийн чанарын шинжилгээний гэрчилгээтэй нь танилцаарай.

Бас нэг сонирхох учиртай зүйл бол цутгалт хийхдээ хэв хашмал ба тулаас ашигладаг эсэхийг асуугаарай. Цутгалтыг чанартай хийж, барилгын ажлыг хурдасгахад, мөн байгаль орчныг сүйтгэдэггүй зэрэг олон сайн тал тулаас, хэв хашмалд бий. Цутгалт хийх явцад бетоныг чичиргээнд оруулж, нягтаршуулдаг бөгөөд энэ үед хэв хашмал задрахгүй бат бөх байж, гажилтгүй байх учиртай.  

ГУРАВ: БАРИЛГЫН МАТЕРИАЛ

Барилгын материалд үндэсний стандарт болон зураг төсөлд заасан анги, маркийн шаардлагыг бүрэн хангасан, тохирлын гэрчилгээтэй материал орсон эсэхийг үзэж болно. Мөн барилгад ашиглагдсан материалуудын мэдээллийг нийлүүлэгч байгууллагуудаас нь авсан ч болно.

ДӨРӨВ: ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ

Захиалсан байран дээрээ өдөр бүр ирээд хүмүүс хэрхэн ажиллаж байгааг хянаад байж чадахгүй. Тиймээс, барилгын ажлын захиалагчийн хяналтын тайлантай танилцаарай. Бас хяналт хийж буй инженертэй нь уулзсан ч болно. Хянагч захиалагчийн өмнөөс барилгын талбайгаар явж, ажлууд зохих норм стандарт, дүрэм журмын дагуу явж буй эсэхийг хянаж, алдаа дутагдлыг баримтжуулж, арилгахыг сануулж, зөвлөгөө өгч ажилладаг.

ТАВ: ДЭД БҮТЭЦ, ОРЧИН, ҮНЭ ЦЭНЭ

Зөвхөн барилга нь чанартай байх хангалтгүй. Хэрэв тийм байсан бол хүмүүс хаана ч хамаагүй чанартай байшин бариад амьдрах байсан биз. Халуун, хүйтэн ус, дулаан бохирын дэд бүтэц, зам харилцаа гээд санаа зовох зүйлгүй, амар тайван амьдрах бүхэн бүрэлдсэн байх учиртай. Тиймээс, энэ талаар сонирхож, судлаарай. Дээр нь ямар орчин бүрдэхийг заавал асуугаарай. Ногоон байгууламж, хиймэл нуур, алхаж, зугаалах талбай, сууж амрах сандал, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, хашаа, харуул хамгаалалт гээд оршин суугчийг ая тухтай байлгах ямар орчин бүрдэхийг, зурган дээрх бүгд бодитоор хэрэгжих эсэхийг асуугаарай.

Leave a Reply

Your email address will not be published.